ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА (ЭДИЙН ЗАСГИЙН ҮҮДНЭЭС)
2018 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Де факто мэтгэлцээнд орохдоо энэ хуулийн төсөл дээр хөдөлмөрийн эдийн засагч ажилласан уу? цаашлаад судалгаа хийсэн эсэхийг асууж тодруулж билээ. (нэвтрүүлэг үзэх бол энд дарна уу?) 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон билээ. Иймд эдийн засгийн үүднээс дараах асуултууд урган гарч байгааг уламжлахыг зорьлоо.
Нэг. Уул уурхайн салбар дахь уртын ээлж (roster)-оор ажиллаж буй ажилтны дундаж цалин хөлс буурах уу?
2021 онд нийт 365 хоног байгаагаас уул уурхайн компаниуд дараах байдлаар уртын ээлжийг ашиглаж байна.
Ихэнх компаниудын хувьд 28/14, 14/7, 20/10 гэсэн уртын ээлжийг хэрэглэж байгаа бөгөөд шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.” Гэж заасан. Өөрөөр хэлбэл, Амралтын хоног ихсэж, ажлын хоног багассан. Дээрхээс үзвэл ажилтны ажиллах ажлын хоног багасна гэсэн үг болж таарна. Иймд компаниуд цаашлаад цалин хөлсний системийн хувьд salary баримтлах уу? Эсхүл wage системийг баримтлах уу гэдэг нь тодорхой биш байна. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой байгаа нь ажилтны ажиллах цаг багасна гэсэн үг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг цагаар, хийснээр олгох зохицуулалттай. Энэ нь олон ажилтныг авч ажиллуулж, харин цаг нь багасах учир цалин хөлсний дундаж буурах тухай эдийн засгийн хөшүүргийг бий болгож байна гэсэн үг.
Нэг үгээр хэлбэл, 1 ажилтны хийж байсан ажлыг 2 ажилтан хийж, ажилтны дундаж цалин буурч, ажил олгогчийн зардал өснө гэсэн үг болж таарч байна. Хүний нөөцийн хомсдолтой, ажиллах хүчний хомсдолтой байгаа үед ажилтныг сургах, хөгжүүлэхээс эхлээд хүний нөөцийн бүрдүүлэлтийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулна гэсэн үг.
Хууль тогтоогчдын нүдээр бол 5000 гаруй уурхайчдаас судалгаа авсан гэж тайлбарладаг боловч Геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлээс явуулсан судалгаа гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, бодит хөндлөнгийн судалгаа мөн эсэх, нөгөө талаар ажилтнуудын цалин хөлсөнд хэрхэн өөрчлөлт орох талаар судалгаа огтоос биш юм.
Ажил олгогчдын зардал өсөх үү?
Шинэчилсэн хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсний зардлууд (илүү цаг, ээлжийн амралт) нэмэгдсэн.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар илүү цагийг үндсэн цалингаас, баяр ёслолын илүү цагийг дундаж цалингаас тооцохоор хуульчилсан байсан бол 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар илүү цагийг дундаж цалин хөлснөөс олгохоор хуульчилсан.
Мөн шинэчилсэн хуулиар шөнийн цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг 1.2 дахин, мөн долоо хоногийн амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллахдаа, баяр ёслолын өдөр ажиллахдаа шөнийн цагаар ажилласан бол дээрх нэмэгдэл хөлс дээр, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгохоор хуульчилсан нь цалин хөлсний зардлыг нилээдгүй нэмэгдүүлэх юм.
Тухайлбал, ажилтан баяр ёслолын өдөр (ээлжийн бус ажилтан) шөнийн цагаар илүү цагаар ажилласан бол баяр ёслолын өдөр ажилласан 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл 1.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлсийг олгохоор хуульчилжээ.
Доорх зурагт зүүн тал нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, баруун талын хэсэгт 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийг харьцуулан харуулав. Та бүхэн зүүн талын хэсэгт 109 дүгээр зүйлийн 109.5 дахь хэсэгт заасныг сайтар уншихыг зөвлөж байна. Энэ нь ажилтанд олгох нэмэгдэл хөлсийг огцом нэмэгдүүлсэн байдлаар зохицуулалт хийжээ.
Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг шөнийн цагаар, нөгөө талаар баяр ёслолын өдрүүдэд зайлшгүй захиалга гүйцэтгэх шаардлага тулгардаг салбаруудад хүнд тусахаар зохицуулалт байгаа юм. Жишээ нь барилгын салбарын хувьд аваад үзэхэд барилгын суурь зутгалд, хэв хашмал хийх зэрэг зуны цагт ээлжийн бус, шөнийн цагаар ажиллуулах зайлшгүй шаардлагатай ажлууд дээрх байдлаар зохицуулалт хийж байгаа нь зардлыг өсгөх чиглэлтэй байна.
Ээлжийн ажлыг хэрхэн зохицуулах вэ? 24/48 цагийн ээлжийн ажил байх уу?
Шинэчилэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлд ээлжийн ажлын цагийг дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд:
87 дугаар зүйл.Ээлжийн ажлын цаг
87.1.Ажил олгогч ээлжийн ажлын цаг, хуваарийг ээлжийн ажил эхлэхээс 48-аас доошгүй цагийн өмнө ажилтанд мэдэгдэнэ.
87.2.Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.
87.3.Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.
87.4.Ажилтныг хоёр ээлжид дараалуулан ажиллуулахыг хориглоно.
Дээрхээс үзвэл 24/48 гэсэн ээлжийн ажлын цагийн ойлголт хуулиар зохицуулагдаагүй. Харин ч хүний өдөрт ажиллах дээд цаг нь 12 цаг байхаар хуульчилжээ.
Мөн ажилтны 7 хоногт ажиллах дээд цаг нь 56 цаг байхаар хуульчилсан. Бусад улс орнуудад ажилладаг шиг ажилтан 2 өөр компанид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Ажил үүрэг хавсран гүйцэтгэж буй тохиолдолд 2 ажил олгогч нь ажлын цагт хяналт тавихаар хуульчилсан зэрэг бид хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх бус, бүтээмжийг бууруулах чиглэлийн хуулийг баримталсан байгаа юм.
Энгийнээр хэлвэл, ажилтан 2 өөр газар ажиллаад 7 хоногт 88 цаг ч юм уу кинонд гардаг шиг ажиллах нөхцлийг хязгаарласан гэсэн үг.
Дүгнэлт
Эцэст нь хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажилласан ажлын хэсэгт Хөдөлмөрийн эдийн засгийн үүднээс судалгаа хийсэн болов уу. Хуулийн төслийн судалгаанд лав дээрх судалгаанууд харагдсангүй.
Ажилтандаа ч цалин хөлс нь буурах, ажил олгогчдоо ч цалингийн зардлыг нэмэгдүүлсэн шинжтэй. Хүчээр ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой боловч бодит хүний нөөцийн, ажиллах хүчний хомсдолд байгаа уул уурхайн салбарт дээрх зохицуулалтыг түлхүүр оруулсан нь учир дутагдалтай санагдлаа.
Ямартаа ч хууль хэрэгжиж эхлэхээр ямархуу асуудлууд уул уурхайн салбарт гарахыг таашгүй байна. Хамтын маргаанууд ихсэх, ажил хаялтууд зарлагдах уу бүү мэд. Ямартаа ч амралтын хоног нэмэгдүүлсэн нь ажиллах хоногийг бууруулж, ажиллах хоног нь буурвал ажилтны цалин хөлс буурахаас аргагүйд хүрнэ. Иймээс цаг хугацаа харуулах буйзаа.