ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 бүлэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа ” -ны эрх зүйн зохицуулалтыг бий болгож, тус хуульд нэмэлт оруулсан билээ.
2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх, үүргийн тайлбар”-ыг баталсан байна.
Ингэхдээ нэхэмжлэлийн загварт зарим нэг алдаа байгаагаас Шүүхийн мэдээлэл лавлагаа хүлээн авахгүй байх зэрэг зөрчил дутагдал гарч байна.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа ба Хөдөлмөрийн эрхийн маргаан
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн хувьд хуулиар үнийн дүнгээс хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, үнийн дүнгээс үл хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг гэж 2 ангилжээ.
Нэг. Үнийн дүнгээс хамаарсан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:” гэж заасан байна. Энэ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 13,200,000 (ХХДХ 660,000*20=13,200,000) харин 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 15,840,000 төгрөг болж өөрчлөгдөж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах хэргийг хамааруулж авч үзсэн байна. Үүнд:
1. Бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах
2. Дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах
3. Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах
4. Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах маргааныг хуулиар үнийн дүнгээс хамааруулан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилжээ.
Тодруулбал, бага үнийн дүнтэй зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тогтмол төлдөг ус, цахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээний төлбөр зэрэг бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан, эсхүл дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр буюу СӨХ-ны төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хор /сэтгэцэд учирсан гэм хорын маргаан үнийн дүн нь энэ хуулийн шаардлагад хамаарч байсан ч энэ журмаар хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй/-ыг арилгуулахтай холбоотой маргааныг энэ журмаар хянан шийдвэрлэнэ.
Дээд шүүхийн нэхэмжлэлийн загварын алдаа ба Мэдээлэл лавлагаа
Хөдөлмөрийн эрхийн маргааны хувьд (Хөдөлмөрийн сонирхолын маргаан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй) хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах шаардлага буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан харъяаллын маргаан хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.3 дахь хэсэгт заасны дагуу Үнийн дүнгээс хамааруулан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй байх тохиолдолд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хуульчилсан байна.
Харин дээд шүүхийн сайтад байршуулсан нэхэмжлэлийн загварыг гаргахдаа дараах алдааг гаргасан байна.
Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан нэхэмжлэлийн шаардлагын загвар Үнийн дүнгээс үл хамаарах маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний маргааныг оруулжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үнийн дүнгээс хамаарахгүй тул тус хуулиа баримтлах болохыг анхаарна уу.
Хоёр. Үнийн дүн үл хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа
Нэхэмжлэлийн үнийн дүн хамаарахгүйгээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг 751.2 дахь хэсэгт зааснаар дараах маргаануудыг хамааруулахаар заажээ. Тухайлбал,
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;
2. энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;
3. Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.
Эдгээрээс хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан буюу Анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх цалин хөлсний маргааныг үнийн дүн үл хамаарах маргаанд хамааруулан хуульчилжээ.
Мөн л дээд шүүхийн нэхэмжлэлийн загварыг алдаа
Мэдээж жижигхэн зүйл мэт боловч нэхэмжлэлийн үнийн дүн хамаарахгүй маргааныг Мэдээлэл лавлагаа хуулиа баримтлахгүй загвараа баримтлан авахгүй байгаа тохиолдол хэд хэдэн удаа гарч, хууль харуулж байж өгч байж таарч байна.
Хөдөлмөрийн эрхийн маргаан ба тусгайлсан журмаар нэхэмжлэл хэрхэн гаргах вэ? Бид юунд алдаанд байна вэ?
Нэг. Бид зөвхөн нэхэмжлэлийн НИЙТЛЭГ загварыг бөглөхгүй өгөөд байна.
Угтаа нэхэмжлэлийн загвараас гадна Монгол улсын Дээд шүүхийн сайт дээр байгаа дараах нэхэмжлэлийн загварыг бөглөнө. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн 2 загвар байгааг хүмүүс анхаарахгүй байна. Эхнийх нь Нэхэмжлэлийн нийтлэг загвар буюу нэхэмжлэгчийн нэр овог, нэр, хариуцагчийн овог нэр, маргааны аль харъяаллаар хандаж буй талаарх ерөнхий мэдээлэл агуулсан нэхэмжлэлийн загвар юм. Хоёр дахь нь та бидний байнга ашиглаад шүүхийн сурталчилаад байгаа тухайн гэрээ болон маргааны тусгайлсан нэхэмжлэлийн загвар юм. Энэхүү загвар тухайн шаардах эрхийн үндэслэл түлхүү тулгуурласан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой загвар гэж ойлгоход болох юм. Тиймээс 2 нэхэмжлэлийн загвар бөглөх нь байна.
Нэхэмжлэлийн НИЙТЛЭГ загвар татах линк: https://supremecourt.mn/media/uploads/2024/10/29/11-1_R9hjEcY.pdf Энэхүү нэхэмжлэлийг заавал бөглөнө.
Нэхэмжлэлийн загвар татах линк: https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=216&pr=202&tp=list&h=0
Хоёр. Цалин хөлсний маргаан (ХТХ 104.1), ажилгүй байсан хугацааны цалин (ХТХ 127.1) хөлсний маргаан нь гомдлоор үүсэх маргаан бус тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй.
Гомдлоор үүсэх маргааны төрөлд ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэлтэй холбоотой маргаан хамаардаг бол цалин хөлсний маргаан нь гомдлоор үүсэх маргаанд хамаардаггүй болно. Гэхдээ заримдаа зарим шүүгч нар гомдлоор үүсэх гэж үзээд тэмдэгтийн хураамж шаарддаггүй бол дийлэнх шүүгч нар тэмдэгтийн хураамж шаарддаг болно. Харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл хангуулсны үр дагавар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж буй бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө. Харин энэхүү тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хувьд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй болно.
Гурав. Нотлох баримтуудыг хавсаргах уу?
Эхний нэхэмжлэлийн шаардлага дээр хавсаргах баримтуудыг хавсаргасан байхаар загварчилсан байгаа. Өөрөөр хэлбэл, хавсаргах баримтуудыг хавсарган шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан маргааны хувьд нэхэмжлэлд дараах зүйлсийг хавсаргах нь ёстой гэж үзнэ байна. Үүнд:
1. Нэхэмжлэл
2. Хөдөлмөрийн гэрээ (байгаа бол)
3. Цалин хөлс олгосон баримт (байгаа бол байхгүй бол дансны хуулга)
4. Нийгмийн даатгалын лавлагаа тодорхойлолт (И-Монголиа)
5. Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар эсхүл лавлагаа (И-Монголиа)
Энэ төрлийн маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь маш тодорхой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ажилтан хэзээ (он, сар, өдөр) хэдэн төгрөгний цалин хөлс (ХТХ-ийн 101.1) авах байснаас хэдэн төгрөгийг олгосон, эсхүл олгоогүй талаар тооцоолол. Цалин хөлсний зөрүү байгаа бол зөрүү тооцооллыг таниас шаардана. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний нотлох баримтыг шаардах юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан маргаанд гол шаардах эрхийн үндэслэл, шаардлагатай холбоотой нотлох баримт бол цалин хөлс олгосон баримт, цалингийн дансны хуулга юм.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг буюу ажилд эгүүлэн тогтоон хангасан шүүхийн шийдвэр, эсхүл магадлал, тогтоолыг хавсаргах шаардлага гарна. Тухайлбал, Нэхэмжлэлийн шаардлагыг Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон бол анхан шатны шүүхийн шийдвэр, Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, давж заалдах шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг хавсаргана. Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн тогтоосон тушаал хүртэлх цалин хөлсийг нэхэмжилж буй тул дээрх 2 нотлох баримтыг хавсаргах шаардлагатай. Нотлох баримтын хувьд
1. Нэхэмжлэл,
2. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр
3. Ажилд эгүүлэн авсан тушаал шийдвэр
4. Нийгмийн даатгалын лавлагаа тодорхойлолт (И-Монголиа)
5. Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар эсхүл лавлагаа (И-Монголиа)
Дээрх нотлох баримтуудыг хавсаргавал зохино. Угтаа зөвхөн ажилд эгүүлэн авсан тушаал, шүүхийн шийдвэрийн огноо, дугаар шаардлагатай боловч тэртээ тэргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардагдах нотлох баримт тул эхнээсээ өгсөн нь илүү оновчтой юм.
За товчхондоо ийм байна. Яарч бичсэн тул дутуу зүйл байгаа бол хүлцэл өчье. Асуултанд комментоор хариулаад явах болно.