Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд даруй 1 жил 6 сарын хугацаа өнгөрчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Компанид зайлшгүй байх шаардлагатай журмуудыг (Цалин хөлсний журам, нууцын журам, ажилтны мэдээллийг авах, боловсруулах, ашиглах журам, хяналтын тоног төхөөрөмж ашиглаж буй бол түүнийг ашиглах журам гэх мэт) тусгаж өгснөөрөө онцлогтой юм.
Тэдгээрийн нэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.” гэж заасны дагуу ажил олгогч нь Ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах талаар тусгайлсан журам баталж, мөрдүүлэх үүрэг хүлээж байна.
Ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах эрх
Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Хүнийг ажилд авах, ажилтантай харилцах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажил олгогч нь ажилтнаас шаардлагатай мэдээллийг нь авч боловсруулж, хадгалж, ашиглаж болно” гэж заасан. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх зорилгоор Ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглах эрх олгогдсон юм. Энэхүү эрх нь ажилтнаас өөрөөс нь мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглахаар заасан байх бөгөөд гуравдагч этгээдээс ажилтны мэдээллийг авах тохиолдолд ажилтанд мэдээлэл авах шаардлага, зорилгоо урьдчилан танилцуулах үүрэг хүлээж байгаа болно. Харин гуравдагч этгээдээс мэдээлэл авахад ажилтнаас зөвшөөрөл авах талаар хуульчлаагүй боловч Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл авахаар заасан байх тул ажилтнаас зөвшөөрөл авахгүйгээр гуравдагч этгээдээс мэдээлэл авахыг хориглосон болно.
Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмын хүрээ:
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлан мөрдүүлж эхэлсэн билээ.
Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүн дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулж ашиглана.” Үүнд:
- Хуулийн 7.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан үндэслэлээр” (Мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах)
- 7.1.2 дахь хэсэгт “Хуульд заасны дагуу нийтэд ил болсон”
- 7.1.3 дахь хэсэгт “хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, нээлттэй өгөгдөл, статистикийн мэдээлэл бэлтгэх” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагууд ажилтны мэдээлэл авах эрхийн хүрээ хязгаар нь хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлээр хязгаарлагдах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.
Ажилтнаас авахыг хориглосон мэдээлэл, түүний хүрээ хязгаар:
Ажилтны хувийн нууцад хамаарах, эсхүл улс төрийн нам, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн талаар мэдээлэл авах, боловсруулах, хадгалахыг хориглохоор заасан. / Төрийн албанд хамаарахгүй / Мөн Хүний эмзэг мэдээлэл болох эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд авахыг хориглосон. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд хүний эмзэг мэдээллийг ямар тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр авахыг журамд тусгах шаардлагатай юм.
Нөгөө талаар генетик болон биометрик мэдээллийг ашиглах ялангуяа ирцийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэх зэргийг хуулиар хориглосон байна. Харин ажилтныг таньж баталгаажууах, үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглахаар хуульчилжээ.
АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл: Энэ хэсэгт журмын зорилго, хамрах хүрээ, хууль тогтоомж зэргийг бичнэ. Жишээ нь:
- Энэхүү журам нь ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажилтнаас шаардлагатай мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах холбоотой харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, энэхүү журмаас бүрдэнэ.
- Энэ журамд заасан хэм хэмжээ нь хууль тогтоомж зөрчвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд ээлтэй, нөхцлийг баримтална.
- Энэхүү журам нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтнууд үйлчилнэ.
Хоёр. Нэр томъёо: Энэхүү журамд заасан дараах ойлголтыг нэг мөр хэрэглэхээр зорилгоор нэр томъёог дараах утгаар ойлгож, хэрэглэнэ.
- Мэдээлэл гэж эзэмшиж, хадгалж байгаа төхөөрөмжөөс үл хамааран боломжит бүх л хэлбэрээр оршин байгаа уншиж ойлгож болох бүх төрлийн баримт бичиг, мэдээ, мэдээлэл биет зүйлс зэргийг;
- Нийтэд хүртээмжтэй мэдээлэл гэж хуулиар болон энэхүү журмаар нууц мэдээлэл гэж үзээгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу олон нийтэд тараагдсан, задруулбал Компани болон бусад этгээдэд илтэд хохирол учруулахааргүй мэдээллийг;
- Нууц ангилалын мэдээлэл гэж хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал Компани болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээллийг;
- Гуравдагч этгээдийн мэдээлэл гэж Компанийн эзэмшиж, хадгалж байгаа задруулбал тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээллийг ойлгоно.
- Ажилтан гэж компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдийг;
- Ажил олгогч гэж ажилтны мэдээллийг эзэмшиж буй хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;
- “Мэдээлэл эзэмшигч” гэж албан үүрэг, ажил мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд аливаа мэдээллийг олж мэдсэн, танилцсан, тухайн мэдээллийг эзэмшиж байгаа ажилтныг;
- “Мэдээлэл хариуцагч” гэж заасны дагуу, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу ажил олгогч, түүний төлөөлөгчийг;
- “Энэхүү журмыг зөрчих” гэж хохирол учирсан эсэхээс үл хамааран энэхүү журам болон бусад хавсралт журамд заасан хэм, хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл хийхийг, нууц ангилалын мэдээллийн эрх бүхий этгээдээс бусад этгээдэд санаатай буюу санамсаргүй байдлаар задруулсан, бусад этгээдэд ашиглах боломж олгосон, мэдээлэлттэй хайхрамжгүй харьцсаны улмаас мэдээлэл устсан, алга болсон, үрэгдсэн. болохыг ойлгоно.;
- Мэдээллийн эзэн гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, мөн Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол хууль ёсны төлөөлөгчийг
- Хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг;
- Биометрик мэдээлэл гэж гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг
- Генетик мэдээлэл гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг
Гурав. Ажилтны мэдээллийг авах, боловсруулах
3.1 Компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дараах мэдээллийг ажилтнаас тухай бүр авах эрхтэй байна. Үүнд:
3.1.1 Ажилтны овог, нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний дугаар, боловсролын талаарх мэдээлэл, ажилласан байдал, ур чадвар (Энэ талаарх мэдээллийг анх ажилд ороход анкет хэлбэрээр, өөрийн зөвшөөрнөөс авна. Ажилтан анкетад гарын үсэг зурснаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.)
3.1.2Ажилтны гэр бүлийн ерөнхий мэдээлэл. Үүнд: Гэр бүлийн гишүүний овог, нэр, нас, хүйс, ажил эрхлэлт, утасны дугаар
3.1.3Ажилдаа ирж очих маршрут, шаардлагатай үед холбоо барих утасны дугаар болон шаардлагатай үед холбоо барих хүний мэдээлэл
3.1.4Бусад мэдээлэл
3.2. Хүний нөөц нь ажилтны мэдээллийг энэхүү журамд заасан арга хэлбэрээр эзэмших, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах үүрэг хүлээнэ. Ингэхдээ хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авна.
3.3. Ажил олгогчид шаардлагатай ажилтны мэдээллийн жагсаалт болон уг мэдээллийг хариуцах, эзэмших, хэрэглэх ажилтан, албан тушаалтныг Хавсралт №1-ээр батална.
3.4. Ажилтны мэдээлэл нууцын зэрэглэлийг тогтоосон баримт бичиг компанийн өмч бөгөөд тухайн тогтоосон зэрэглэлийн дагуу нууцлагдсан баримт юм. Иймд энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заагдаагүй ажилтан танилцах, мэдээлэл авах эрхгүй байна.
Дөрөв. Мэдээллийг хариуцах, эзэмших
4.1 Мэдээллийг эзэмшиж байгаа ажилтныг мэдээллийн эзэмшигч (цаашид эзэмшигч гэх) гэх ба аливаа нууц мэдээллийг эзэмшигч нь тухайн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
4.2 Ажилтны мэдээллийн эзэмшигч нь хүний нөөц байх бөгөөд ажилтны мэдээллийг өөр этгээд эзэмших, ашиглахыг хориглоно.
4.3 Мэдээллийг эзэмшиж байгаа ажилтны удирдлага буюу ажил олгогч нь уг мэдээллийн хариуцагч (цаашид хариуцагч гэх) байх бөгөөд тухайн мэдээллийг хэнд ямар агуулга, хэлбэртэйгээр дамжуулах, шилжүүлэх шийдвэрийг эцэслэн гаргаж эзэмшигчид зөвшөөрөл олгоно.
4.4 Эзэмшигчийн хариуцаж байгаа мэдээллийн аливаа хэсгийг бусад этгээд шаардсан тохиолдолд эзэмшигч нь мэдээллийн хариуцагч болон мэдээллийн эзнээс зохих зөвшөөрлийг хүсч гаргасан шийдвэрийнх нь дагуу ажиллана.
4.5 Хариуцагч нь заавал тухайн мэдээллийг нэг бүрчлэн мэддэг байх албагүй.
Тав. Мэдээллийг хадгалах, хамгаалах
5.1 Ажилтан бүр бусад ажилтны хувийн мэдээллийг олж авах, цуглуулах, боловсруулах, ашиглах, бусдад аливаа хэлбэрээр дамжуулахгүй байх үүрэгтэй.
5.2 Ажилтан бүр энэхүү журамтай танилцсан зааварчилгааны хуудсыг бөглөж, мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай асуудлаар бичгээр баталгаа гаргаж өгөх ба энэ хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэхтэй холбоотой бусад гэрээний салшгүй нэг хэсэг болно. Нууцын баталгааг энэ журмын Хавсралт №3-аар батална.
5.3 Ажилтны эмзэг мэдээллийг мэдээлэл эзэмших эрхгүй этгээд олж авах, олж авахаар завдсан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцална.
5.4 Ажилтны хувийн мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлтийн журамд заасны дагуу хадгална. Харин ажилтны эмзэг мэдээллийг ажлаас гарснаас хойш хадгалах эрхгүй байх бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрлөөр устгах үүрэгтэй.
5.5 Компани нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний болон бусад этгээдийн нууцыг байгууллагын нууцын нэгэн адил хамгаална.
5.6 Цахим хэлбэрээр оршин байгаа мэдээллийг дараах зарчмаар хадгалж, хамгаална.
5.6.1 Ажилтан бүр өөрийн эзэмшиж байгаа аливаа мэдээлэлд нэвтрэх нууц үгтэй байна.
5.6.2 Ажилтны эзэмшиж ашиглаж байгаа мэдээллийг хадгалах, хамгаалах, дамжуулахтай холбоотой нууц үг ашиглах харилцааг “нууц үг ашиглах журам”, цахим мэдээллийг хадгалах, хамгаалах бусад асуудлыг энэхүү журмын 1.2-тзаасан холбогдох бусад журмаар зохицуулна.
5.7 Энэхүү журамд тусгагдсанаас бусад тохиолдолд цахим бус хэлбэрээр оршин байгаа мэдээллийг хадгалах, хамгаалах асуудлыг Компанийн архивын үйл ажиллагааг зохион байгуулах, бичиг хэрэг хөтлөлт, ашиглахтай холбоотой журмаар зохицуулна.
5.8 Ажилтны хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл болон аливаа нууц ангилалын бичиг баримтыг нууцын зэрэглэлийн өрөөний тусгай цоожтой шүүгээнд эсвэл тусгай зориулалтын нууцлалтай архивын өрөөнд хадгална.
Зургаа. Ажилтны мэдээллийг ашиглах, дамжуулах
6.1 Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үед ажил горилогчоос ажилтны шаардлагатай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлтэй авч болно. Тухайн асуултанд хариулж байгаа нь мэдээллийн эзэн зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэл болно.
6.2 Ажилтны биометрикийн мэдээллийг ажилтны цаг бүртгэл, цалин хөлс олгох, сахилгын шийтгэл ногдуулахаас бусад тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.
6.3 Энэхүү журмын 6.2 дахь хэсэгт заасан цаг бүртгэл, цалин хөлс олгох, сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд ажилтны биометрик мэдээллийг ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардлагагүй болно.
6.4 Ажилтны генетикийн мэдээллийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөлд мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглах эрхтэй байна.
6.5 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухайд хуульд заасны дагуу ажилтны ажилдаа ирж, очих маршрутын мэдээллийг ажил олгогч тухай бүр авч ашиглана. Ажилтан ирж, очих маршрут өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр ажил олгогчид мэдэгдэх үүрэгтэй байна.
6.6 Ажилтны гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, шаардлагатай үед холбоо барих дугаар, ажилтны хувийн мэдээлэл болон эмзэг мэдээллийн мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно.
6.7 Энэхүү журмын 6.6 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн мэдээллийг хүүхдийн баяр, хөдөлмөрийн тухай хуульд заасан эцгийн чөлөө, ажилтанд олгох тусламж дэмжлэгийн зорилгоор ашиглах ба бусад тохиолдолд мэдээлэл хариуцагч ашиглах, дамжуулах эрхгүй байна.
6.8 Ажилтны боловсрол, эрүүл мэнд, ажлын туршлага, ажилласан байдал, хувийн мэдээллийг ажлын бус зорилгоор ашиглах, эзэмшихийг хориглоно. Ажилтны дээрх мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагын шагнал, одон медаль, ажил олгогчийн дотоод шагнал, урамшууллын зорилгоор ашиглаж болно.
Долоо. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах
7.1.Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна.
7.2.Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан нөхцлийг танилцуулж, бичгээр зөвшөөрөл авна.
7.3.Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
7.4.Энэ журмын 7.3-т заасан цахим хэлбэртэй зөвшөөрөл нь хуульд заасан, эсхүл мэдээллийн эзний хүлээн зөвшөөрсөн арга хэрэгслээр түүнийг цахим орчинд таньж, баталгаажуулах замаар өгөгдсөн байна.
7.5.Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй.
7.6.Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь энэ хуулийг зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ.
7.7.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулахдаа мэдээллийн эзний зөвшөөрөлтэй болохоо нотолно.
7.8.Мэдээлэл хариуцагч анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авна.
7.9.Мэдээлэл хариуцагч Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6-д заасны дагуу зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг дамжуулахад түүнээс зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь бичгээр, эсхүл цахим хэлбэртэй байна.
Найм. Мэдээллийн эзний эрх, үүрэг
8.1.Мэдээллийн эзэн дараах эрхтэй:
8.1.1.Мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах;
8.1.2.Өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
8.1.3 Ажил олгогчийн аливаа хэлбэрээр цуглуулсан өөрт хамааралтай мэдээлэл болон бусдад дамжуулсан мэдээлэл, эсхүл гуравдагч этгээдийн талаарх мэдээллийг мэдэх;
8.1.5.Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
8.1.6. Ажлаас гарснаас хойш хуульд зааснаар өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах;
8.1.7.Мэдээлэл хариуцагчийг энэхүү журам болон хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардах;
8.1.8.өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах;
8.1.9.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа мэдээлэл хариуцагчид бичгээр мэдэгдэх;
8.1.10.мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах.
8.1.11 Мэдээллийн эзэн энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулах эрхтэй.
8.1.12 Мэдээлэл хариуцагчийн өөрийн мэдээллийг хадгалж буй хадгалалт, ашиглалтын байдалтай танилцах
8.2 Мэдээллийн эзэн нь дараах үүрэгтэй байна.
8.2.1 Мэдээлэл хариуцагчид энэхүү журамд заасан мэдээллийг цаг тухай бүрт өгөх
8.2.2 Мэдээллийн эзэн нь өгсөн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах
8.2.3 Мэдээллийн эзэн нь өөрийн боловсрол, ажилласан байдал, эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшинг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч цуцлах эрхтэй байна.
8.2.4 Хуульд заасан бусад үүрэг
Ес. Мэдээлэл хариуцагчийн эрх, үүрэг
9.1 Мэдээлэл хариуцагч хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана.
9.2.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар дараах үүрэгтэй:
9.2.1.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үүрэг
9.2.2.Ажилтны хувийн мэдээллийг ажлаас гарснаас хойш архивын журамд заасан хугацаа өнгөрмөгц мэдээллийг устгах
9.2.3 Ажилтны мэдээллийг бусад ажилтан, хэрэглэгч, ажилтны гэр бүл болон гуравдагч этгээдэд задруулахгүй байх
9.2.4 Хуульд заасан бусад үүрэг
Арав. Хариуцлага
10.1 Энэхүү журамд заасан хэм хэмжээг зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн хуулийн 122-р зүйлийн дагуу дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийн аль нэгийг шат дараалал харгалзахгүйгээр шийдвэр гаргаж ногдуулна.
10.1.1 Нээлттэй сануулах;
10.1.2 Хаалттай сануулах;
10.1.3 Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
10.1.4 Албан тушаал бууруулах;
10.1.5 Ажлаас халах;
10.2 Энэ журамд заасан тодорхойлогдсон үйлдлүүд болон нууц мэдээллийг санаатай буву санамсаргүй байдлаар бусдад задруулснаас учрах хохирлыг нөхөн төлүүлэх түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Байгууллага, хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуулийн зохих заалтын дагуу асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Арван нэг. Бусад
11.1 Ажилтны мэдээллийн хадгалалт, хамгаалалт, дамжуулах үйл ажиллагаанд мэдээллийн хариуцагч болон хүний нөөц хяналт тавьж ажиллах бөгөөд нууцын журам зөрчсөн , алдаа дутагдал илэрсэн тохиолдолд заавар зөвлөмжийг өгөх, засаж сайжруулах талаар арга хэмжээ авч Гүйцэтгэх захиралд мэдэгдэж байна.
11.2 Ажилтны мэдээлэлтэй шууд харьцах, нууцад зэрэглэл хамаарахгүйгээр нэвтрэх албан тушаалтныг Гүйцэтгэх захирлын тушаалаар томилох бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болно.
11.3 Энэ журмыг 2023 оны …р сарын ….-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
11.4 Нөхцөл байдалд нийцүүлэн журамд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах, журмын хэрэгжилтэнд хяналт тавих асуудлыг …….. алба хариуцан гүйцэтгэнэ.
11.5 Ажилтнууд энэхүү журмыг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өөрийн шууд удирдлагаар дамжуулан, яаралтай тохиолдолд …… алба-нд шууд тавьж болно.
11.6 Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хавсралт, маягтууд нь журмын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилнэ.