Бусад нийтлэлүүд унших

Уртын ээлжийн фонд цаг хэд вэ?

Уул уурхайн салбарын ажлын цагийн зохицуулалтын талаар товчхон нийтлэл бичихийг зорьлоо.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их хурлаас баталснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Тус хуулийн онцлог зохицуулалт нь ажлын цагийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгсөн, мөн уртын ээлжийн цагийг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулснаараа онцлогтой юм.

Нэг. Ажлын цаг гэж юу вэ? ажлын цагийн төрөл, дэглэм

Ажлын цаг нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх хугацааг хэлэх бөгөөд ажлын цаг нь ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагааг хэмжих хэмжүүр болдог.

Ажлын цагийн дээд хязгаарыг хуулиар тогтоох бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээрээр ажлын цагийг тохиролцдог.

Ажлын цаг нь дараах төрөлтэй.

Ердийн ажлын цаг: Ажилтнууд долоо хоногт 40 хүртэл цаг, өдөрт хүртэл 8 цаг ажиллаж байгаа хугацааг хэлнэ.

Богинсгосон ажлын цаг: Хуульд зааснаар ердийн ажлын цагийн үргэлжлэлийг хорогдуулсан шинжтэй ажлын цаг мөн

Бүтэн бус ажлын цаг: Ердийн болон богиносгосон ажлын цагийг ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хорогдуулан тогтоосон ажлын цаг болно. Бүтэн бус ажлын цаг нь хорогдуулсан шинжтэй байдгаараа богиносгосон ажлын цагтай ижил боловч эрх зүйн зохицуулалтаар нь ялгаж болно.

Уртасгасан ажлын цаг: Уртасгасан ажлын цаг гэж ердийн ажлын цагийн үргэлжлэлийг нэмэгдүүлсэн шинжтэй байгааг ойлгоно. Практикт уртасгасан ажлын цагийг илүү цаг гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг захиргааны санаачилгаар хэтрүүлэн ажилуулахыг илүү цагаар ажиллуулах гэдэг.

Дуудлагын ажлын цаг: Ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцож ердийн ажлын цагаас бусад цагт дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно.

Дээрх ажлын цагийн төрлөөс гадна ажлын цагийн тодорхой дэглэмийг хөдөлмөрийн гэрээний талууд баримтдалдаг.

Ажлын цагийн дэглэм гэдэг нь Ажилтнуудын хөдөлмөрийн цаг тооллын тодорхой цаг үеүдэд хуваарилан зохицуулсныг ажлын цагийн дэглэм гэдэг. Ажлын цагийн дараах дэглэмүүдийг хөдөлмөрийн тухай хуулиар хуульчилжээ. Үүнд:

Зурагт шөнийн цагаас бусдыг оруулсан тул шөнийн цагийн тодорхойлолтыг оруулав.

Шөнийн цаг: Орон нутгийн цагаар 22:00 цагаас дараагийн өдрийн 06:00 цаг хүртэл хугацааг шөнийн цагт тооцно.

Ээлжийн ажлын цаг: тодорхой цаг хугацааны давтамж буюу хуанлийн графикаар ажил үүргээ гүйцэтгэх цаг хугацааг ээлжийн ажлын цаг гэнэ. Ээлжийн ажлын цагийн дээд хэмжээ нь 12 цагаас илүүгүй байна.

Ажлын цагийг хэсэглэн хуваах: Ажилтайн гэрээний чөлөөт байдлын зарчмаар тохиролцсоны дагуу ажлын цагийг хэсэглэж хувааж, ажил үүрэг гүйцэтгүүлэх нөхцлийг хэлдэг. Тухайлбал, ердийн ажлын цаг нь тасралтгүй 8 цаг байх албагүйгээр талууд харилцан тохиролцон өглөө 4, орой 4 цаг гэх мэт хуваан хэрэглэж болдог.

Ажлын цагийг нэгтгэн бодох: Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодно.  Ажлын цагийн нэгтгэн бодох журамтай энд дарж танилцана уу.

Гулгаа буюу Уян хатан цагийн дэглэм: Уян хатан буюу гулгаа цагийн дэглэм нь ажилтан өдрийн ердийн ажлын цагийн тодорхой хугацааг заавал ажиллах (нийтээр) цагт ажиллан, үлдэгдэл цагийг тухайн өдөртөө гулгах буюу тасралтгүй 8 цаг ажиллах байдлаар хэрэглэгддэг. Жишээ нь ажилтан 10:00-17:00 цагийн үед заавал ажиллах 6 цаг (заавал ажиллах цаг нь заавал 6 биш жишээ болгон авсан шүү), харин үлдэг 2 цагийг өөрөө сонголтоор 08:00-17:00 цаг, эсхүл 09:00-18:00 цаг, 10:00-19:00 цаг гэх мэтээр сонголт хийх замаар уян хатан байдлаар ажилтанд заавал ажиллах цагаас бусад цагийг өөрөө сонголт хийх эрхээр нь хангах замаар зохицуулахыг хэлдэг. Практикт нь компаниуд уян хатан цагийн дэглэмийн ажилтны цагийн сонголт хийх эрхийг сард 1 удаа, улиралд 1 удаа, хагас жилд 1 удаа сонголтоо хийж бүртгүүлэх замаар зохицуулалт хийж хэрэглэж байна. Монгол улсад уян хатан цагийн дэглэмийг хамгийн анх Хаан банк 2010 оны үед хэрэглэж ирсэн бөгөөд өнөөдөр уул уурхайн салбарын back office (front office-д тохирохгүй.) -д хэрэглэж байна.

Уртын ээлж: За нуршилгүй уул уурхайн салбарт гол тулгамдаад хүмүүсийн асуугаад байгаа асуултад хариулъя. Гэхдээ дээрх хариулт нь дээрх онолын үндэслэлтэй хамаарах тул нийтлэлдээ онолыг нь оруулсан болно.

Хоёр. Уул уурхайн салбарын буюу Уртын ээлжийн ажлын фонд цаг хэд вэ?

Практикт Уул уурхайн салбарын ажлын цагийн фонд цаг буюу ажиллах ёстой цагийг 168 гэж тооцоолон түүнээс дээш гарсан илүү цагийг илүү цагаар тооцох ёстой гэж нилээдгүй хүний нөөцүүд фэйсбүүк дээр бичжээ. Үнэхээр уул уурхайн салбарын фонд буюу ажиллах ёстой цаг нь 168 цаг мөн үү?

Ажлын фонд цаг бол ердийн ажлын цагаар тооцогддог. Өөрөөр хэлбэл, ажилтны хуулиар хүлээсэн ажлын цаг юм. Харин ердийн ажлын цагийн үргэлжлэлийг нэмэгдүүлсэн шинжтэй ажлын цагийг уртасгасан буюу практик илүү цаг гэж бид нэрлэдэг.

Ердийн ажлын цаг гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт 7 хоногт 40 цаг, 84.2 дахь хэсэгт зааснаар Өдрийн 8 цаг хүртэлх үргэлжлэлийг ердийн ажлын цаг гэнэ.

Уртын ээлж: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.” гэж заажээ. 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Уртын ээлжийн 1 сард ногдох дээд хоног нь 14 хоног ажиллах, 14 хоног амрах /Нэг сард дунджаар 30 хоногоор тооцов/ гэж үзвэл 1 сард 1 ээлж ажиллаж таарч байгаа юм. Иймд уртын ээлжийн ажиллах ёстой фонд цаг буюу ердийн ажлын цаг нь 14хоног*8цаг=112 цаг байна.

Уртын ээлжийн гол онцлог нь ажлын цагийн тусгай дэглэмийг баримталдаг байх бөгөөд ажлын цагийн тусгай дэглэмд Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг хамаарахгүй. Энэ нь ерөнхий зохицуулалт бөгөөд тусгайлсан зохицуулалт, дэглэмд хамаарахгүй. Ердийн ажлын цагийн дэглэм буюу ажлын цагийн элдэв тусгайлан зохицуулсан дэглэмд хамаарахгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэм хэмжээнүүд хоорондоо зөрчилдвөл ажилтан илүү таатай нөхцлийг хэрэглэх зарчмын үүднээс ч харсан уул, уурхайн салбарын ердийн ажлын цаг буюу фонд цаг бол 112 цаг байна.

Энэ талаар Монгол улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн дараах маргааныг та бүхэн харна уу? энд дарна уу.

Ерөнхийдөө маш энгийн логик шүү дээ. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн 21 өдөр ажиллаагүй, ажиллах боломжгүй байхад ямар учраас ажлын фонд цаг нь 168 гэж тооцоолоод байгаа нь бодит байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, 21 хоног ажиллах ямарч боломжгүй зүйлийг хаанаас яаж ургуулж гарч ирээд байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй юм.

Дийлэнх хүмүүс дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлаад байгаа тал ажиглагддаг. Нэгдүгээрт, дундаж цалин хөлс тодорхойлох журам нь уртын ээлжийн цагийг зохицуулсан зохицуулалт байгаа юу? байхгүй. Хоёрдугаарт, тус журмын 2.2 дахь хэсэгт заасан жишээ, мөн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдвөл хууль тогтоомжийн эрэмбэ (2.3, 2.4, 2.5)-эр хэрхэн хуулийг хэрэглэх вэ?

За тиймээс ийм ойлгомжтой маргааныг цэгцлэе. Хууль тогтоомжоо харсан ч, бодит байдлыг харсан ч (ажилласан хоног 92.4, 84.2), шүүхийн шийдвэрийг харсан ч, энгийн математик тооцооллоор ч харсан (168 гэдэг нь 21ажлын хоног*8 цаг=168) ойлгомжтой буйзаа. Уртын ээлжийн ажлын цагийн фонд 112 цаг байна.